Монголын анхны хүүхдийн суваг болох “Dreambox” телевиз нь Монголын телевизийн салбар дах хамгийн амжилттай төрөлжсөн сувгуудын нэг юм. 2010.10.10-ны өдөр анхны эфирээ Хүүхдэд зориулсан Dream Channel буюу Мөрөөдлийн сувгаар цацжээ. 2013 онд “Dreambox” нэртэй болсон байна. Монгол хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйн онцлогт зориулагдсан. Хүүхэд багачуудыг ёс заншлаа дээдэлдэг, эх орноороо бахархдаг Монгол хүн болгон төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
“Drembox” ТВ-г Телевизийн салбарт 17-н жил ажилласан, МҮОНТВ, С1, TV9, Eagle Tv зэрэг байгууллагад шинийг санаачилж, удирдах албанд ажилласан туршлагатай, Медиа Групп-ийн бизнес хөгжил, маркетинг борлуулалтын газрын захирал, “Зөн билгийн тулаан” шоуны Ерөнхий продюсер С. Ангараг гэгч бүсгүй байгуулжээ. Одоо тус телевиз 30 гаруй уран бүтээлчид, хөтлөгчдийн баг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж, мэдээллийн, танин мэдэхүйн, цэнгээнт, теле хичээл, сонгодог хөгжмийн болон уран сайхны нийт 15 гаруй нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчиддээ хүргэж байгаа бөгөөд Медиа мониторингийн “Максима Медиа” компанийн судалгаагаар 2014-2016 оны хооронд хамгийн их үзэгчтэй топ 10 телевизийн 1-р байраар шалгарч байжээ.
Цав цагаахан цаас мэт гэгээн тунгалаг хүүхдийн оюун ухаанд зөв мэдлэг, хүмүүжил олгох бүтээл урлах нь “Dreambox” телевизийн уран бүтээлчдийн гол зорилго нь. Тиймээс ч нэвтрүүлгийн бодлого чиглэлээ хүүхдийн оюун сэтгэхүй, тэдний мэдлэг оюунд зориулан дараах нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байна. “Нартай өглөө”, “Бяцхан бүтээлч”, “Үлгэрийн цаг”, “Бонгын санамж”, “Сайн жолооч”, “Хамтдаа сурцгаая”, “100 баримт”, “Их хотын хөшөө дурсгалууд”, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”, “Цэц үг”зэрэг бүтээлүүд нь үзэгч хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлэг хэдийн болжээ
No comments:
Post a Comment