Tuesday, January 29, 2019

Eco Channel ТВ "Ээждээ ир" МУСК

     
         2016 онд "Ээждээ ир" киног найруулагч Ө. Мөнх-Эрдэнэ, зохиолч Б. Загдсамбар, гол дүрд жүжигчин С. Баттулга, О. Долгор, Г. Дөлгөөн, Б. Баттөгөлдөр нар бүтээжээ. Киноны дууг "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин Мөнгөншагай дуулсан байна. Мөнх-Өлзий энтертайнмэнт, нийслэлийн боловсролын газрын хамтын бүтээл болох уг киноноос та эхнэр, нөхөр 2-ын нэг нэгнээ гэсэн аугаа хайрыг мэдрэхээс гадна энгийн багш нарын амьдрал, сэтгэлийн хүчийг харах болно. Та "Eco Channel" телевизээр өнөө орой 23.00 цагаас "Ээждээ ир" МУСК-г үзээрэй.

Sunday, January 27, 2019

"Боловсрол" ТВ "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэг

    "Боловсрол" телевиз, "Endemol shine group"-ын "Яг түүн шиг" шоу албан ёсны эрхтэйгээр 3 дах жилдээ Монгол улсад хүртээл болсон.
"Яг түүн шиг" шоу анх Испани улсад "Your Face Sound Famillar" нэртэйгээр зохион байгуулагдсан байна. Одоогоор дэлхийн 80 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагджээ. Энэ удаагийн манайд хийж буй дугаарт загвар өмсөгч Ж. Энэрэл, ая зохиогч, дуучин Б. Нацагдорж, "Sweetymotion" хамтлагийн дуучин Г. Сүндэрмаа, театр киноны жүжигчин М. Цэрэндолгор, "A sound" хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэн, дуучин, жүжигчин алдарт эх Ч. Очгэрэл, "Эмоци" хамтлагийн жүжигчин О. Тэмүүжин, загвар өмсөгч О. Билгүүн нар оролцсон нэвтрүүлгийг давтан үзүүлж байна. Та өнөөдөр буюу ням гаригийн 20.40 цагаас "Боловсрол"  ТВ-ээр хөгжөөнт, цэнгээнт "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгээр оролцогчид, оддыг хэрхэн дуурайж өрсөлдөхийг  үзээрэй. 

Friday, January 25, 2019

ETV “Бид” чөлөөт нэвтрүүлэг

    "ETV"-р эрхлэн гаргадаг “Бид” чөлөөт нэвтрүүлгийг энэ удаа онцолж байна. Нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой, “Санаа зөв бол заяа зөв” гэсэн уриатай хэлэлцүүлэг нэвтрүүлэг юм.
 Хүмүүст, хүүхдүүдэд тэр тусмаа залуучуудад ямар асуудал тулгамдаж байгааг  тодорхой сэдвийн хүрээнд анхааран авч үзэж, хэрхэн шийдэх талаар яриа өрнүүлдэг. Өнөөдрийн 23.30 цагаас танд хүрэх ярилцлаганд "ETV" телевизийн сэтгүүлч, хөтлөгч Өсөхбаяр, Энхзаяа нар оролцож "Хандлага ба Неромаркетинг" сэдвээр санал бодлоо хуваалцан удирдаж явуулна. Энэхүү тархи судлалын сүүлийн үед судлагдаж эхэлсэн ШУ-ны сэдвийн хүрээнд: мэргэжлийн залуу судлаачийг урьж оролцуулан үзэл бодлыг сонсох болно. 

Thursday, January 24, 2019

"Royal" HD TВ

      “Нийгмийн хөгжлийг дэмжигч” уриатай "Royal" Телевиз нь бодлого үйл ажиллагаа, уран бүтээлийн төрөл, зорилгоо “Нийгмийн сайн сайхан, хөгжил, бүтээн байгуулалт, олон талт хөгжлийн ойлголт ухагдахууныг сурталчлан таниулж, сурвалжлан мэдээлэх чиглэлээр анх 2011.11.11-нд туршилтын эфирээ HD форматаар хүргэсэн бөгөөд 2012.01.16-ны өдрөөс үндсэн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 
Өдгөө мэргэжлийн 40 гаруй уран бүтээлчидтэй бөгөөд техник, технологийн өндөр түвшний гүйцэтгэл, бүтээлүүдийг харилцагчиддаа болон үзэгч түмэндээ үзүүлсээр байна. "Royal" HD телевизийн хамт олон улс төрийн нэг талын ашиг сонирхолыг илэрхийлэх өнгө аяс болон нийгмийн бухимдал, сөрөг дуулианыг дэвэргэх, соён гэгээрүүлэгч бус хандлагаар уран бүтээл туурвихаас татгалзан улс орныхоо хөгжлийг дэмжих, эерэг үр дүнд зорьсон зорилтот төслүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. 
Бүхий л салбарт оюунлаг, гэгээлэг уур амьсгал, эерэг хандлага, өөрчлөлтүүдийг мэдрүүлэхийг эрхэмлэн, нэвтрүүлэг хөтөлбөрөө нийгмийн 70 хувийг бүрдүүлж байгаа 35-аас доош насныхан буюу залуучуудад хандсан, тэднийг соён гэгээрүүлэх, зөв замаар, зөв алхахад гэрэл гэгээ тусгах зорилтод нийцүүлэн ажиллаж байна.Тухайлбал үзэгчдийн танил болсон төдийгүй, олны зүгээс талархал хүлээсэн зарим нэвтрүүлгүүдээс дурьдвал:
  • “Сумандаа сайхан амьдаръя”
  • “Согтуу Монголоос - Саруул Монгол”
  • “Учралын баяр”
  • “Бизнес ба боломж”
  • “Залуу лидер” гэх мэт

Wednesday, January 23, 2019

“SBN” телевиз“Миний толгойны өвчингүүд” ОАСУК

        Хүмүүсийн энгийн амьдралын өдөр тутам тохиолддог аар саархан асуудлыг хошин хэлбэрээр үзүүлсэн, Солонгосын “Миний толгойны өвчингүүд” инээдмийн олон ангит кино “SBN” телевизээр гарч байна. Киноны утга агуулгын хувьд: Гэр бүлийн нас биенд хүрсэн 3-н хүү, өөрсдөөс гадна эцэг, эх, бэр, хүүхдүүдэд тохиолдсон зүйлийг өөр хоорондоо ярилцаж, хэлэлцэхдээ буруу, зөрүү шийдвэр гаргаж, тэр нь будлиан үүсгэж байнга адал, явдалтай учирна. Өнөөдөр 22.50 цагаас 13-р анги нь “SBN” телевизээр гарах “Миний толгойны өвчингүүд” киног үзээрэй.

Tuesday, January 22, 2019

"ТМ" телевизийн танилцуулга

         ТМ телевиз нь 2006.04.01-нд анхны эфирээ үзэгч олонд хүргэсэн бөгөөд ""Танин мэдэхүй" нэртэйгээр Улаанбаатар хотод бүх кабелийн телевизүүдтэй шилэн кабелиар холбогдсоноос гадна “DDish TV” компанитай хамтран хиймэл дагуулаар монгол орон даяар 21 аймаг, 361 сумын малчин өрх айлуудад болон Азийн 29 оронд өөрсдийн нэвтрүүлгүүдийг дуу, дүрсний өндөр чанартайгаар эфирээ шууд дамжуулж байна.
Хариуцлагатай нийгмийн төлөө” уриатай тус телевиз нь мэргэжлийн чиглэлээр сургууль төгссөн ур чадвар, эрч хүчтэй уран бүтээлч залуудаар нүүр царайгаа тодорхойлж,  Улаанбаатар хотын 12% буюу 120.000 гаруй үзэгчид болон орон нутгийн үзэгчдэд хандсан хөтөлбөрүүдийг төлөвлөн, үзэгчдийн хүртээмж, сонирхолыг үнэлэн судалж, жилд хөтөлбөрийн хүрээнд 25-28 тогтмол нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Нийт эфирийнхээ 60-аас доошгүй хувийг өөрсдөө бэлтгэхээс гадна гадаадын сонирхолтой танин мэдэхүйн нэвтрүүлэг, баримтат кино, шоу нэвтрүүлгүүдийг чанарын өндөр түвшинд орчуулан дуу оруулж үзэгчдэд хүргэн ажиллаж ирсэн. Түүнчлэн гадаад харилцаагаа өргөжүүлэн 
  • Японы элчин сайдын яамтай хамтран японы аж амьдрал, түүх, соёл, өв уламжлалыг сурталчлах “Japan Topic” буюу “Японы амьдрал” нэвтрүүлэг болон
  • ХБНГУ-ын “Deutsche Welle” телевизтэй 6-н жилийн турш тасралтгүй хамтран ажиллаж германы төдийгүй гадаад улс оронд болж байгаа үйл явдлын мэдээ, мэдээллүүдийг Монголынхоо үзэгчдэд хүртээл болгодог бөгөөд улирал тутамд тус телевизээс мэргэжилтэн урьж уран бүтээлчиддээ сургалт зөвлөгөө аван хамтран ажилладаг байна.
  • 2009 онд техникийн шинэчлэлт хийж АНУ-ын “Data Video” фирмийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
Ийнхүү иргэний сэтгүүл зүйд суурилан, үзэгчдийнхээ санаа бодлыг тусган, тэдний дуу хоолойг сонсон 2012 оноос Full HD форматаар дараах нийгэм, эдийн засгийн нийтлэл, нэвтрүүлгээ цацаж байна. 
  •  “Зөв Монгол” хэлэлцүүлэг , ярилцлага
  • “Топ мессеж” амралтын хөтөлбөр
  • “Танил хүн” нэвтрүүлэг
  • “Нүүдэлчин”    гэх мэт. 

Sunday, January 20, 2019

“Молор” ТВ “Шинэ үсгийн багш” МУСК

     Монголчууд бичиг үсэгтэй болж байсан үед хэрхэн соён гэгээрч, соёлын довтолгооныг бий болгож байсан чухал үйл явдлыг илтгэх, "Шинэ үсгийн багш" инээдмийн кино нь
1998 онд бүтээгдсэн бөгөөд зохиолч Б. Жамбалдорж,  найруулагчаар нь Б. Бадар-Ууган, зураглаачаар Л. Шаравдорж ажиллаж, Завхан нутагт зураг авалт явагдсан байна. Киноны гол дүрд Б. Гарьд, С. Сэлэнгэ, Д. Лхамхүү, Б. Тунгалаг, Д. Хүрлээ нар тогложээ. Аав ээж, ах эгч, өвөө эмээ шигээ хүмүүст шинэ үсэг заах балчирхан бор хүүг нутгийнхан нь Шинэ үсгийн багш гэж хүндэлнэ. Түүний хэлж буй үг, хийж буй үйлдэл бүхэн нь хэзээний том хүн шиг боловч хааяа ээждээ эрхлэх нь бага балчир гэдгийг нь илтгэмээр, Монголын хөрсөнд эрдмийн үрийг тарьж буй нь үнэхээр өхөөрдөм. Тулгаа хүү толгойгоо маажиж, Лагсал тугал өргөн, Дунжидмаа хайр сэтгэлдээ шатах нь кинонд хөнгөн инээдийг бэлэглэнэ. Та "Шинэ үсгийн багш" киног өнөөдөр 2019.01.20-ны Ням гаригийн 22.30 цагаас "Молор" ТВ дээр тааруулаад үзээрэй.      




"UBS" TВ “Асах гэрэл” гэрэл зурагчдын Уралдаант шоу нэвтрүүлэг

       Гэрэл зурагчид болон сонирхогчдод зориулсан авьяас, сэтгэмж, агшин, хурдаараа өрсөлдөх, энэ үгнүүдийн эхний үсгүүдийн товчлолоор нэрлэсэн
 "Асах гэрэл" уралдаант шоу нэвтрүүлэг “UBS” телевизээр цацагдаад нилээдгүй хугацаа өнгөрч байна. Гэрэл зургийг "Ертөнцийг гэрлээр бичих урлаг" гэж ярьдаг.  Уг нэвтрүүлэгт оролцогчид янз бүрийн даалгаврын дагуу тухайлбал: (байгаль, агшин, ан амьтан, хөрөг, мэргэжил бүхэн сайхан) сэдвээр авсан, фото зургаа танилцуулж, С. Цацралт /МУСГЗ/, Ц. Цэндпүрэв тэргүүтэй  шүүгчид үнэлэлт дүгнэлт өгдөг. Гэрэл зурагчид өөрсдөө бүтээлийнхээ зохиолч, найруулагч, мастер нь байдаг. Тэгвэл энэ шоу нэвтрүүлэгт оролцогчид өөр өөрийн дотоод мэдрэмж, харах өнцгийн хэлхээсийг өөрийн зурагтаа тусган харуулжээ. Түүнээс гадна зарим зургаа яруу найраг, зохиол, хөгжмийн аянд зориулж авсан байгаа нь тун сонирхолтой. Та шилдэг оролцогчдын бүтээлийг "Асах гэрэл” уралдаант шоу нэвтрүүлгээр өнөөдөр 2019.01.20-ны буюу Ням гаригийн 20.30 цагаас "UBS" ТВ-ээр хүлээн авч үзээрэй.

“NTV” телевизийн танилцуулга

    “NTV” телевиз нь 2006 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шинэ студиудэд долоо хоног бүр 7000 гаруй минутын улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, түүх, соёл урлаг, спорт, энтертайнмэнт гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд хүргэдэг. 
“Үзэгч олон нийтэд мэдээлэл, танин мэдэхүй, цэнгээнт үзвэрийн альтернатив сонголт буй болгон монголын масс медиа салбарт өндөр байр суурь бүхий шилдэг энтертэйнментийн телевиз болж ажиллах нь “NTV” телевизийн үндсэн зорилго болдог. NTV” ТВ нь 2006-2009 онуудад Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар хамгийн их үзэгчтэй 5 телевизийн нэг, шилдэг энтертэйнментийн хөтөлбөртэй телевиз гэсэн нэр хүндийг үзэгч олноосоо хүлээн авч, олон улсын телевизүүдийн дунд зохион байгуулагддаг “NHK JAPAN PRIZE 2009” наадмаас UNICEF-ийн нэрэмжит шагнал хүртсэн. Өдгөө хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т орж байна. "Өөдрөг өнгө, өөр өнцөг" уриан дор "Мэргэжлийн чиг хандлага, өөдрөг өнгө аяс, тэнцвэртэй мэдээлэл түгээх" зорилготой "NTV" телевиз эфирээ 2009 оноос үндэсний хэмжээнд цацаж эхэлсэн бол 2013 онд Full HD формат руу бүрэн шилжсэн. 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус телевизийн зөвшөөрлийг "Эн Ти Ви"  бродкастинг ХХК эзэмшдэг гэж мэдээлсэн буюу энэ нь "Медиа групп"-ын  охин компани бөгөөд 50%-г УИХ-н гишүүн асан П. Батхүү, үлдсэн 50%-г түүний дүү П. Батсайхан эзэмшдэг гэсэн таамаг бий. Онцлох нэвтрүүлгээс дурьдвал: 
  • “Ахлах тогоочийн заавраар”
  • “Нийслэл хөтөч”, 
  • “Чөлөөт эмэгтэйчүүд” гэх мэт

Saturday, January 19, 2019

“Соён гэгээрүүлэгч” ТВ “Сонгомол номын сан” Төрийн соёрхолт, МУГЖ Д. Сосорбарам

    Номын цагаан буянд Монгол хүмүүн умбах болтугай. “Ном” бол мэдлэг боловсрол, тэсвэр хатуужил, сайн мууг ялгах чадварыг суулгаж өгдөг. 
Монголын Соёлын Өвийн шинжээч, судлаач МУСТА Цоодолын Жаргалсайхан-ы  бэлтгэн хүргэдэг “Номын цуглуулга” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Төрийн соёрхолт, МУГЖ Догмидийн Сосорбарам оролцоно. Тэрээр “Номын санг каталоги маягаар хадгалах учиртай. Хүн бүрт өөрийн сонирхсон номын цуглуулгууд байдаг. Түүнийгээ хаана, яаж хадгалахаа хувь хүн мэддэг.” гэж хэлдэг. Түүний номын цуглуулганд: Анатомийн, чулууны, хөгжмийн, театр урлагийн, жүжигчдийн, дизайн, барилга байгууламжийн гэх зэрэг олон төрлийн сайхан ном байх бөгөөд түүнийгээ хаанаас, хэзээ ямар учраас худалдаж авч цуглуулсан түүхээ хүүрнэх болно. Мөн түүний өөр бусад цуглуулгыг сонирхох боломжтой юм. “Өөртөө үнэ цэнэтэй, хайртай байж чадсан хүн бусдыг хайрлаж чаддаг” гэж хэлэх дуртай, жүжигчин Д. Сосорбарам оролцсон “Сонгомол номын сан” нэвтрүүлгийг Маргааш буюу 2019.01.20-ны 11.10 цагт та “Соён гэгээрүүлэгч” телевизээр үзэж, түүнийг өөр нэгэн өнцгөөр хараарай.  

“SBN” TV танилцуулга

        2006.08.26-оос Улаанбаатар хот болон орон даяар нэвтрүүлгээ толилуулж байсан “SBN” телевиз өнөөдөр өөрийн гэсэн үзэгчидтэй, онцлогтой телевиз болжээ.
“Үндэсний хэмжээнд хэвлэл мэдээллийн олон талт үйл ажиллагаа явуулж, агшин болгонд, айл бүрт аз жаргал түгээж, хүн бүрийн танин мэдэхүйн хөтөч байна” гэсэн эрхэм зорилготой, “Дэлхийн энтэй медиа групп болно” гэх уриатай “SBN” TV нь анх байгуулагдсан цагаасаа мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн энтертайнмент, соён гэгээрүүлэх, мэдээ мэдээлэл, кино болон гадаадын олон сонирхолтой нэвтрүүлгүүдийг бичлэгийн 4-н студи, иж бүрэн явуулын станци, "Sony" брендийн тоон технологийн шийдлээр улс орон даяар цацаж байна. Тус телевизийн "SBN news" мэдээллийн хөтөлбөрөөс гадна зарим нэгэн онцлох нэвтрүүлгээс дурьдвал: 

  • “Дуртай өдөр” амралтын хөтөлбөр
  • "Түүхэн хэлхээ"
  • "Movie Talk"
  • “Logo quiz” 
  • “Нахиа” хүүхдийн хөтөлбөр
  • “Эмч сонсож байна” шууд нэвтрүүлэг гэх мэт та бидний үзэх дуртай нэвтрүүлгүүд бий. 

МҮОНТВ “Brain wave” Англи хэлний уралдаант нэвтрүүлэг

    МҮОНТВ-р хүүхэд залуучуудад зориулсан “Brain wave” Англи хэлний уралдаант нэвтрүүлэг Бямба гариг бүрт үзэгч хүүхдүүд та бүхэнд хүрч байна.
Уг нэвтрүүлэг нь: Дэлхий дээрхи олон  хүмүүсийн  хоорондоо харилцах  гол хэрэгсэл болох, Англи хэлээр чөлөөтэй сайн ярьж, ойлгож, харилцаж сурахыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд зөвхөн Англи хэлээр явагддаг. Нэвтрүүлэгт хөтлөгчөөр Хобби сургуулийн гадаад багш Александр Фелла мөн шүүгчээр тус сургуулийн англи хэлний ахлах багш оролцдог. Нэвтрүүлэг бүрт: Англи хэлний мэдлэгийн түвшингээрээ уралдахаар сургууль тус бүрээс 5-н хүүхдээс бүрдсэн баг оролцож, сонирхолтой хөгжөөнт тоглоом, тэмцээнийг Англи хэл дээр явуулж хоорондоо өрсөлдөж улмаар шат, шатны ялагчийг тодруулдаг. Өнөөгийн глобалчлагдсан ертөнцөд англи хэл зайлшгүй сурах хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг. Тэгвэл хэл сурахыг ямар нэгэн ажил биш, хобби гэж үзэн хэл сурах үйл явцаас баяр хөөрийг мэдрэхэд энэхүү нэвтрүүлэг танд тусална гэдэгт бид найдаж байна. “Brain wave” нэвтрүүлгээр хүүхдүүд та бүхэн энэ 7 хоногт  ямар сургуулиуд хэрхэн оролцож, амжилт үзүүлэхийг МҮОНТВ-р өнөөдөр 2019.01.19-ны Бямба гаригийн 11.10 цагаас үзээрэй.  

Friday, January 18, 2019

“Eco Channel” “Хазаар цэцэгсийн дуулал” МОАУСК

       Хүмүүн бид эх орондоо амар тайван амьдрах хувь заяа, эрх чөлөө, амьсгалах цэвэр агаар, ариулах цэнгэг рашаан, адислах цэнхэр тэнгэр, сүүдрийг нь дэрлэж мөнх амрах уулсаа шунаг сэтгэлээсээ болж алдаж байгаа биш байгаа…..гэсэн санааг харуулсан 2017 онд хийгдсэн “Хазаар цэцэгсийн дуулал” Монголын олон ангит кино “Eco Channel” телевизээр гарч эхэллээ.  Киноны ивээн тэтгэгч, ерөнхий продюссер “Жигүүр гранд” группын гүйцэтгэх захирал Б. Халиунаа, зохиолч С. Цэрэндаваа, ерөнхий найруулагчаар П. Мөнхболд ажиллаж, Киноны гол дүрд Э. Монголжин, Б. Хунцэнгүүн, Д. Төмөртогтох, Д. Гүрсэд, Ц. Баярмагнай гэх зэрэг олон жүжигчин тогложээ. Кинонд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд өрнөж байгаа амьдралыг дүрсэлжээ. Та уг киноны 3-р ангийг өнөөдөр буюу 2017.01.18-ны Баасан гаригт 20.00 цагаас үзээрэй.

Thursday, January 17, 2019

“TV9” телевиз “Миа бид хоёр” хүүхдийн цуврал уран сайхны кино

         Сурагчдын амралтыг тохиолдуулан бяцхан хүүхдүүддээ зориулан гаргаж байгаа дараах цуврал хүүхэлдэйн киног онцоллоо. TV9 телевизээр “Миа бид хоёр” хүүхдэд зориулсан хүүхэлдэй болон хүүхдүүд оролцож тоглох олон ангит хүүхдийн цуврал кино гарч байна. 

Уг кино нь Итали-Герман-Канадад болох үйл явцыг өгүүлэх бөгөөд  дэлхийн 50 гаруй оронд худалдагдаж, 70 орны хэл дээр орчуулагдан гарч, дэлхийн олон орны хүүхэд багачуудад хүрчээ. 
Gerhard Hahn-ы зохиол, Английн  “Lucky Punch” студийн бүтээл юм. 
Киноны агуулгын хувьд:
     Киноны гол дүрийн Миа гэгч охины эцэг эх осолд орж өнгөрсөнөөр, охин сурагчийн солилцоогоор Италийн Флоренц хотын залуу хатагтайн сургуульд шинээр элсэн суралцаж, дотуур байранд амьдрахаар болсноор киноны үйл явц эхэлнэ. Бага байхаас аав нь үлгэрийн ном уншиж өгдөг байсан бөгөөд охиндоо нэгэн гайхамшигтай номыг үлдээсэн байдаг. Тэр гайхалтай “Сентопийн домог” гэгч номыг Миа охин  уншиж, ид шид рүү хөтлөх бугуйвчиндаа нууц үгийг шивнэж эхлүүт л тэрээр Ид шидийн ертөнц-өөр аялаж эхэлнэ. Жирийн хүмүүсийн ертөнцөд тэрээр хүрэн нүдтэй, бор үстэй энгийн л нэгэн охин юм. Үлгэрийн ертөнцөд харин Миа охин цэнхэр нүдтэй, улаан үстэй, далавчтай үзэсгэлэнт бүсгүй болон хувирдаг.

Аяллын явцад тэрээр нэг эвэртэй морьхонтой уулзаж түүнийг аврахаас гадна Мо болон Юко нарын элчтэй танилцаж, тоглож хөгжилдөж бас ч үгүй олон адал явдлуудтай, үлгэрийн баатруудтай учирч, тэдний зарим нэгийг аварч, зарим нэгний муу санааг илрүүлнэ. 
Хүүхдүүдээ өдөр бүр 17.30 цагаас TV9 телевизээр Миа охинтой хамт ид шидийн үлгэрийн ертөнцөөр аялаарай. 

"С1" Телевиз танилцуулга

         "С1" телевиз нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн дижитал дүрс бичлэгийг боловсруулах технологийг ашиглан хэрэглэгчдэд чанартай нэвтрүүлгүүдийг дамжуулан ажилладаг. Монгол улсад өрнөж буй бүхий л мэдээллийг түүвэрлэн хүргэдэг ба аль нэг талд үйлчилдэггүй, тэнцвэртэй үнэн бодитой мэдээллийг баттай эх сурвалжаас авч мэдээлдэгээрээ онцлогтой.
Бүтэц зохион байгуулалтын хувьд дараах албуудтай:
- Мэдээний
Нэвтрүүлгийн
- Техникийн
- Санхүүгийн
- Маркетингийн
- Захиргааны албуудад нийт 70 гаруй уран бүтээлч, ажилтан, албан хаагчид ажиллаж байна. Анх "С1" телевиз-ийг Английн иргэн Бен Моёл удирдаж байсан бол одоо гүйцэтгэх захирлаар 2007-2012 онд тус телевизийн хэвлэлийн албаны даргаар, МУ-ын ерөнхийлөгч Х. Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д. Ариунсэлэнгэ хашиж байна. 
Өдгөө нийгмийн бүхий л давхаргад нөлөөлөхүйц хүүхэд залуучууд, боловсрол, уламжлалт ёс заншил, эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг уламжлалаа хадгалахын зэрэгцээ зохион байгуулалт, нэвтрүүлгийн бодлогоо боловсронгуй болгох, цогц өөрчлөлтүүдийг хийж, Олон улс хоорондын мэдээлэл солилцоо, дэлхийн хэмжээний онцлог үйл явдлуудыг түргэн шуурхай дамжуулах, мэдээлэл технологийн хурдацтай зэрэгцэн хөгжихийг зорин ажиллаж байна. Хүмүүст илүү их хүрсэн, сонирхолтой нэвтрүүлгүүдээс дурдвал:
  • “Унагалдайн мухлаг”
  • “Харандааны адал явдал”
  • “Элсэн цаг” хэлэлцүүлэг ярилцлага
  • “Алганы хээ” ток шоу
  • “Цензургүй яриа” сурвалжлага, эрэн сурвалжлах  нэвтрүүлэг
  • “Ээжүүд” ток шоу гэх мэт. 

Dreambox “Da Vinci” хүүхдэд зориулсан цуврал нэвтрүүлэг

          Хүүхдэд зориулж тэдний ойлгох түвшинд хялбар, энгийн хэллэгээр хийгдсэн, бүх талын шинжлэх ухааны талаарх “Da Vinci” цуврал нэвтрүүлгийг "Dreambox" сувгаар толилуулж байна.
Жишээ нь:
“Da Vinci”-Одон орон судлалын 60-н хором
“Da Vinci”-Гар урлал
“Da Vinci”-Томас Эдисоны нууц лаборатори
"Da Vinci"-"Хоолоор наадагч"
“Da Vinci”-Математик бидний эргэн тойронд гэх мэт.  Олон төрөл зүйлийн мэдлэгийг таны хүүхдэд өгөхөд чиглэгдсэн цуврал нэвтрүүлэг юм. Үүнийг үзсэнээр таны хүүхдийн оюун ухааны цар хүрээ тэлж, улмаар хүсэл, мөрөөдөл, сонирхолоо олоход нь тус болох болно. Даваа-Баасан гаригуудад 18.00-20.00 цагт тогтмол гарч байгаа “Da Vinci” цуврал нэвтрүүлгийг эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүддээ сонирхуулаарай.

Wednesday, January 16, 2019

“Eagle HD news" ТВ-ийн танилцуулга


          Анх 1995 онд Монголын Телевизийн Компани (MBC), Америкийн ашгийн бус байгууллага болох “Among Foundation” буюу Америкийн Христийг дэмжих ТББ-тай хамтран мэдээллийн “Eagle” Телевизийг үүсгэн байгуулж, цаг үеийнхээ мэдээний хөтөлбөр цацахаас гадна христийн шашныг сурталчилсан нэвтрүүлгүүд гаргадаг байжээ.
Тус телевиз топ 10 телевизийн тоонд ороогүй ч томоохон медиа группийн мэдээллийн хэрэгсэлд ордог ба үүсгэн байгуулагдсан түүх, редакцийн бодлогын хувьд онцлог учраас хэвлэл мэдээллийн эзэмшлийн судалгаанд хамруулсан. 2011 онд Бодь группийн охин компани “Монголын медиа корпораци” буюу одоогийн “Монгол Масс Медиа” групп худалдаж авчээ. “Монгол Масс Медиа” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. Баясгалан. Тэрбээр мөн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм. 
2013 оноос “Eagle news” телевиз нэртэй болж, CNN агентлагтай хамтран ажиллах болсноор мэдээллийн сувгийн олон улсын стандартад хүрэхийн тулд “Христийн цаг” нэвтрүүлгийг “Eagle Live” суваг руу шилжүүлсэн бөгөөд тус телевиз нь “Монголын медиа корпораци” болон өргөжиж ёс зүйтэй, чанартай мэдээлэлийг түгээхээр зорин ажилаж байна. “Eagle HD news”-телевизийн онцлог нь аль нэгэн нам, хэн нэгэн улс төрчөөс хараат бусаар нийтлэлийн бодлогоо тодорхойлох үүднээс нийтлэлийн бодлогын зөвлөл байгуулсан. Зөвлөлийн зорилго: уран бүтээлчдийг улс төрөөс ангид, редакциас хараат бусаар ажиллах боломжоор хангахад оршино. 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус телевизийн тусгай зөвшөөрлийг “Ийгл Бродкастинг ХХК” эзэмшдэг гэж мэдээлжээ. Өдгөө “Ийгл Бродкастинг” компаны гүйцэтгэх захирал А. Амундра, Телевизийн гүйцэтгэх захирал Д. Бадамдаш, программын албаны дарга Ц. Ганзориг нар бусад уран бүтээлч ажилтны хамт, мэдээний “Үнэн зөв, Шударга, Итгэмжтэй, Зарчимч, Хараат бус болон Чөлөөт байх” хэмээх үндсэн зарчмууд дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна. 
Онцлох хөтөлбөрүүд:
  • “Элчин сайдтай танилцья”
  • “Football Talk”, “NBA Talk”
  • “Монгол бахархал”
  • “Бадарчийн Жаргалмаа” гэх мэт ярилцлагын нэвтрүүлгүүдтэй. 

Сүлд ТВ “Монгол уяач” нэвтрүүлэг

       “Монгол уяач”,  “Говь шанхын адуу” гэх зэрэг монгол морьдын тухай өгүүлэх: монгол адууны генетик, удам угшил талаас нь шинжлэх ухааны үндэстэй, судалгаатайгаар Монгол улсын аварга уяач нар болон аймгуудын засаг дарга нар, малын эмч, морь сонирхогчдыг урин оролцуулж, ярилцах сонирхолтой нэвтрүүлгийг  та “Сүлд ТВ”-р үзэж, монгол мориороо бахархах боломжтой. 
Өнөөдөр “Сүлд” телевизээр 22.00 цагаас гарах “Монгол уяач” нэвтрүүлгээр Төв аймгийн Лүн сумын харьяат улсын манлай уяач Б. Билэгдэмбэрэл (МУТМУ)  оролцоно. Тэрээр Монголд цэвэр цусны араб, англи хурдны зориулалттай адууг Дэлхийн олон орноос  оруулан ирж, үржүүлэг хийгээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа үр шимийг  хүртэж мөн “Монгол адууны хурдыг сайжруулах” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийж яваа хүн юм. Та түүний хурдан хүлгүүдийн талаарх сонирхолтой ярилцлагыг тус нэвтрүүлгээс үзээрэй. 

"TV9" телевиз танилцуулга

    “Таны төлөө” уриатай TV9 телевиз нь 2003.09.01-ээс анхны нэвтрүүлгээ орон даяар цацсанаас хойш спорт сонирхогчид болон буддын шашныханд зориулсан МАХН-ын харъяат, арилжааны телевизийн статустайгаар ажиллаж эхэлсэн.
Одоо "Медиа холдинг" ХХК-ны харъяа, эзэмшигч нь 
Н. Энхтуяа бөгөөд техник технологийн хувьд орчин үеийн тоон системээр мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгүүдээ үзэгчдэд 24 цагийн турш хүргэдэг, мэргэшсэн боловсон хүчний баазтай, Монголын хэвлэл, мэдээллийн салбарт тэргүүлэгч сувгийн нэг болж чаджээ. TV9 телевиз нь дэргэдээ спорт, танин мэдэхүй, энтертайнмент хосолсон I, II сувагтайгаар Олон нийт буюу үзэгчдийн дунд хот, хөдөө гэж зааглан маркетингийн томоохон судалгаа гаргаж, шуурхай хүртээмжтэй бодит байх, мэдээллийг тэнцвэртэй өгөх чиглэлтэй ажиллаж байна. Үргэлж шинэ соргог, өргөн цар хүрээтэй мэдээллийг шаарддаг үзэгчиддээ “Таны телевиз” гэсэн эрхэм зорилгын дор мэргэжлийн түвшинд уран бүтээл хүргэх зорилготой TV9 телевизийн "Энэ өдөр" мэдээллийн хөтөлбөрөөс гадна зарим сонирхолтой хөтөлбөрүүдээс дурьдвал: 
“Монгол коммент” шууд нэвтрүүлэг
“Бурхан багшийн сургааль”
“Боломж” нэвтрүүлэг
“Дотно сэдэв
“Анализ” мэдээллийн тойм хөтөлбөр гэх мэт. 

Tuesday, January 15, 2019

“NTV” HD “Мата Хари” олон ангит уран сайхны кино

     Дорно дахины төрхтэй, гоо үзэсгэлэн, уян налархай, тайчигч бүжигчин, дэлхийн I-н дайны үеийн домогт тагнуулч Маргарет Гертруда Целле гэгч бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэн хийсэн, “Мата Хари” олон ангит киног танд санал болгож байна. Португали, Орос хоёр улсын хамтарсан энэхүү кино нь бодит амьдралаас сэдэвлэсэн түүхэн кино юм. Киноны зураг авалт Португали болон Орос, Украйнд явагдсан бөгөөд 2017.01.21-нд Португалийн, 2017.03.20-нд Оросын телевизүүдээр тус тус гарч эхэлсэн байна. 
Бүсгүй өөрийн төрсөн хүүгээ хороосон харгис хэрцгий нөхрөөсөө салахдаа түүнд хууртагдаж, шүүхээр охиноо алдана. Охиноо авахыг хүсэвч ямарч боломж олдохгүй гүтгүүлэн доромжлуулж мөн мөнгө олох арга зам хайж явсаар аргаа баран өөрийн нэрийг Мата Хари гэж өөрчлөөд тэр үеийн Европчуудыг бишрүүлсэн гайхамшигт тайчигч, бүжигчин болно. Гэтэл Дэлхийн I дайн гарч амьдрал дахиад л хүнд хэцүү болдог. 

Германчууд мөнгөний гачигдалд орсон Мата Харид тагнуул хийх санал тавьж, тэрээр тэдний талд ажиллах болно. Улмаар бүсгүй мөнгө олох зорилгоор давхар, нууцаар Францын тагнуул хийж байгаад Германчуудад тус болсон гэх хилс хэргээр шүүгдэж,  цаазаар авах ялаар шийтгүүлдэг. Энэ бүсгүйд тохиолдох ээдрээтэй үйл явдлыг "NTV” HD телевизээр өдөр бүр 21.20 цагаас үзээрэй. 

Bloomberg TV MGL “Өсөлтийн замд” нэвтрүүлэг


     Дэлхийд нэр нь гарч, амжилтанд хүрсэн компаниудын бизнес хэрхэн өргөжиж, орлого, ашгийн бууралт, уналтын үеэ хэрхэн зохицуулж, яаж амжилттай давсан тухай статистикийн тооцоо, шинжилгээнд үндэслэсэн, нөлөө бүхий хүмүүсийн үнэлгээ дүгнэлт, мэдээллүүдийг багтаасан сонирхолтой нэвтрүүлэг. Бизнес эрхлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээрээс шалтгаалж бизнест хүчин мөхөстөх үе тохиолдоно. Тухайн үед тус компани ямар оновчтой шийдэл гаргаж, өөрийн бизнесээ тогтворжуулан улмаар өсгөх нь компаниудын том зорилт, чадвар болдог. Иймээс та уг нэвтрүүлгээс  олон шинэ санаа, сэдлийг авч өөрийн бизнесдээ хэрэгжүүлэх боломжтой. Нэвтрүүлгийг: Өнөөдөр буюу 2019.01.15 ны Мягмар гаригт 20.30 цагаас та үзэж сонирхоорой.

Monday, January 14, 2019

TV5 телевизийн танилцуулга


         Монголын анхны интернет телевиз болох TV5 нь “Монгол улсаа хөгжүүлье” уриатайгаар 2003.01.01-нд эфирээ цацаж эхэлжээ. Эх нутагтаа байгаа Монголчууддаа төдийгүй, дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч буй Монгол түмэндээ цаг үргэлж, шинэлэг мэдээ, нэвтрүүлэг шинэ содон бүхнийг сонордуулахын тулд олон зүйлийг сэдэж, санаачлан ажиллаж байна. TV5 телевиз нь мэдээллийн I, хоум шоппинг-II, спорт-III гэсэн 3-н сувагтай, захирал Ц. Базаррагчаа, “Гэгээн далай” ХХК-ны харьяа TV бөгөөд 140 гаруй уран бүтээлч, ажилтантай
Бүх насныханд зориулсан энтертайнмент хөтөлбөртэй, танин мэдэхүйн чиглэлээр Монголдоо анхдагчаар гарч ирсэн телевиз юм. Дотоодын болон дэлхийд өрнөсөн үйл явдлыг цаг алдалгүй, шуурхай мэдээлдэг “Цаг” хөтөлбөрөөс гадна онцлог, сонирхолтой зарим нэвтрүүлгээс нэрлэе.
  • “Ажлын дараа”        
  • “Ододтой бүжиглэе” реалити шоу
  • “Монгол улсаа хөгжүүлье” ток шоу
  • “Зэвүүн яриа” 
  • “Karaoke night”
  • “Шинэ Улаанбаатар 
  • “Шинэ хөдөө” төсөл гэх мэт.