Saturday, March 2, 2019

SBN телевиз "Анхны алхам" МУСК

         Өнөөдөр буюу 2019.03.02-ны 23.20 цагаас SBN телевизээр "Анхны алхам" МУСК гарах боллоо.   Ч. Гомбын зохиол, Г. Жигжидсүрэн найруулагчийн найруулга тус кино 1969 онд бүтээгджээ.

Сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддагийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ таньж арвижуулснаар ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлжээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томилогдон ирнэ. Нутгийн хашир өвгөд Балдан, Жүгдэр, буриад Базар болон залуу хадланч Болд нар гар нийлж ажилладаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангийн хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлголцоно. Ажлын анхны алхам төдийгүй анхны хайрын оч цахилж амьдралын анхны алхмаа хийнэ. 
Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны хосгүй учралаар
Хайрын дээдээр чамдаа даслаа.....гэсэн дуутай, тус киноны гол баатруудын дотоод ертөнцийн олон өнгө аясыг тэдний ахуй амьдрал, зан төрхийн онцлогтой нягт холбон үзүүлснээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн сонирхолтой дүрүүдийг бий болгожээ. Киноны гол дүрд Б. Цэцэгбалжид, Ч. Хүрлээ, С. Цэрэндаш, Н. Цэгмид гэх жүжигчид  тогложээ. Монголын кино урлагт нандин сэтгэлийн хөдлөл, уянгын барилыг нэвтрүүлсэн шинэлэг бүтээл болсон учраас 1970 онд Ташкент хотноо болсон Ази-Африкийн орнуудын олон улсын киноны анхдугаар наадмын тусгай шагнал, цом хүртэж, найруулагч Г. Жигжидсүрэн ЗХУ-н Энхтайвны хорооны хүндэт дипломоор шагнагдаж байжээ. Та амралтын өдрөөрөө Монголынхоо киног үзэж, үдшийг таатай өнгөрүүлээрэй.  


No comments:

Post a Comment