Friday, February 22, 2019

TV8 телевиз "Анирлагч" МУСК

     Д. Энхбаатарын зохиож, найруулсан "Анирлагч" МУСК-г өнөөдөр буюу 2019.02.22-ны 22.00 цагаас та TV8 телевизээр үзээрэй. Амар студи 2014 онд тус киног бүтээсэн бөгөөд гол дүрд Р. Адъяа, Д. Гүрсэд /МУГЖ/, Ц. Баясгалан, Б. Баярсанаа, Д. Шүүдэрцэцэг, Э. Ууганбаяр нар тогложээ.

Хөдөөгийн буйдхан, зэлүүд, байгаль цогцолсон сайхан газар Хунзаяа, Хунсар гэсэн үзэсгэлэнт хоёр охин, охидоо хээрийн ширүүн амьдрал, эрчүүдийн шуналт сэтгэлээс хамгаалах ээжийн хамт амьдарна. Тэдний хайрын түүх, амьдрал ахуйг та тус киноноос сонирхох болно. Хүн төрөлхтний хамгийн нандийн зүйл болох Хайр гэгч зүйл бидний эргэн тойронд оршин буй. Хэрэв та зүрх сэтгэлээсээ анирлавал мөнхийн хайрын гэрч болох юм. 

Tuesday, February 19, 2019

Royal HD телевиз "Сумандаа сайхан амьдаръя" төсөл нэвтрүүлэг

        2014 оноос Royal HD-р цуврал хэлбэрээр гарч буй “Сумандаа сайхан амьдаръя” төсөл нэвтрүүлгийг та өнөөдөр 18.35 цагаас үзээрэй.
Энэхүү нэвтрүүлэг нь өргөн уудам, сайхан нутагтай, мал аж ахуй эрхэлдэг Монгол түмэн бидний үзэж сонирхох нэвтрүүлгийн нэг юм. Төсөл нэвтрүүлгийн зорилго нь: Илүү таатай амьдралыг эрэлхийлж их хот руу шилжин суурьшиж буй хөдөөгийн иргэдэд өөрийн төрж, өссөн, аав ээжийн нутагтаа яавал таатай, сайхан амьдарч болох арга замыг ухааруулж, ойлгуулахаас гадна хотын хүн амын механик өсөлтийг зогсоох юм. 21 аймаг, 331 сумд 5-н жилийн туршид хүрч ажиллах төслийг санаачлагчид: “Уг нэвтрүүлгийг үзсэнээр хүмүүс хөдөөд олноороо сайхан амьдарч, улмаар хотын утаа, агаар, хөлсний бохирдлыг буурахад нэмэр болно” гэж үзжээ. Үүгээрээ ч зөв бодлоготой, эрч хүчтэй ажиллаж, амжилтанд хүрч буй учраас “Монголын Маркетингийн Холбоо”-оос 2016 онд “Оны шилдэг контент”-оор шалгарсан. Уг нэвтрүүлгийг та үзээд суманд амьдрах таатай боломж байгаа гэдэгт эргэлзэхгүй болов уу. 

Monday, February 18, 2019

Боловсрол ТВ "Монголчууд XX зууны эхэнд

       “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монголчууд” ботийн эхний цуврал номноос бэлтгэн хүргэж байгаа “Монголчууд XX зууны эхэнд” нэвтрүүлгийг Боловсрол ТВ-р өнөө шөнө буюу 2019.02.20-ны 01.00 цагаас үзээрэй. 
Энэ нэвтрүүлэг нь кино боловсрол олгох хөтөлбөрийн дагуу хийгдсэн бөгөөд Монголын түүхийн хувьд XX зууны он жилүүд асар их өөрчлөлт, зөрчил, тэмцэл, шинэчлэл, дэвшлийг агуулсан он жилүүд байжээ. 100 гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж, ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам угсаа, соёлоо хэрхэн хадгалж байсныг цуврал хэлбэрээр үзүүлдэг. Мөн XX зууны эхээр 200 гаруй жил Манжийн эрхшээл дор “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн тусгаар тогтнож, сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно. 

Saturday, February 16, 2019

UBS телевиз "Баруун т@рхи буюу соёлын довтолгоо"

   UBS телевизээр үзэгчдэд хүрч буй “Баруун т@рхи буюу соёлын довтолгоо” нэвтрүүлгийг та өнөөдөр Ням гаригийн 19.30 цагаас сонирхон үзээрэй.
Нэвтрүүлгийн төслийг санаачлагч Н. Ганбат болон Б. Долгион /МУУГЗ/ хоёр удирдан явуулна.  Уг нэвтрүүлэг нь зочдыг урьж, хамтран ярилцаж, санаа бодлоо солилцохоос гадна нийгэмд тохиолддог хүмүүжлийн зарим нэг гажуудлын талаар хуулийн ухааны доктор Батзориг оролцож зөвлөгөө өгдөг. Мөн хөгжмийн булангаараа түүхт хамтлаг, дууг сонсгон түүний талаар сонирхолтой мэдээллийг сонирхуулна. Нэвтрүүлгийн зорилго: Соёлтой, хүмүүжилтэй хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн. Хүний баруун, зүүн тархи нь 2 тустай систем бөгөөд хүүхэд байхад Баруун тархи илүү ажилладаг байна. Үүний ачаар хорвоо ертөнцийг илүү таньж мэднэ гэдэг. Баруун тархины хөгжил давамгайлсан хүн бүтээлч, урлаг, уран сайхны мэдрэмж өндөртэй, зөн билигтэй, мөрөөдөмтгий байдаг. Тийм учраас хүмүүс бид зүүн тархиа амрааж, баруун тархиа хөгжүүлэхийн тулд дуу хөгжим сонсож, уран зураг үзэх нь тустай. Та өнөөдрийн зочны ярилцлагыг сонсож, дуу хөгжмөөс таашаал авч, баруун тархиа бага ч болов хугацаанд ажиллуулаарай. 

Thursday, February 14, 2019

MN25 телевиз "Урт цагааны гудамж" нэвтрүүлэг

       Монголын анхны охидын хамтлагийн нэг болох “Спайк” хамтлагийн гишүүн, дуучин Номикогийн халуун дотно, хөгжилтэй яриа өрнүүлж, хөтлөн явуулдаг 
“Урт цагааны гудамж” нэвтрүүлэг өнөөдөр яг одоо “MN25” телевизээр 22.00 цагаас гарч эхэллээ.  “MN25” телевизийн байр урт цагааны гудамжны баруун үзүүрт  байрладаг бөгөөд уг нэвтрүүлгийг дулааны улиралд телевизийнхээ дээр агаарт, харин хүйтний улиралд телевиз дотроо явуулдаг болохоор магадгүй энэ нэвтрүүлгийг  “Урт цагааны гудамж” гэж нэрлэсэн болов уу. Та бүхэнд сонирдуулахад өнөөдөр буюу Гэгээн Валентины өдрийн зочдоор нь дуучин Зоригт, Хишигдалай болон Эмоци хамтлагийн жүжигчин Цогтбаяр    нар оролцож байна. Тэдний сонирхолтой яриа, дуу хуурыг нь сонсож, хөгжилдөн,  таалан үзэхийг хүсвэл сувгаа “MN25” телевиз дээр тааруулаарай. 

Tuesday, February 12, 2019

TV8 телевиз "Хүргэн хүү" МУСК

      Монгол улс даяар “Нэгдэлжих хөдөлгөөн” өрнөж байсан түүхэн цаг үеийн хүмүүсийн ухамсар дах өөрчлөлт, улсын болон хувийн өмчийн сэтгэлгээний зөрөөг баян Жамцын гэр бүл, хүргэн хүү Дэмбэрэлийн харьцаагаар дамжуулан үзүүлсэн ахуй амьдралын бүтээл “Хүргэн хүү” киног танд толилуулж байна.

Уг киног Монголын кино урлагт эх Монгол орныхоо баялаг тэнэгэр нутаг, хүн ардынхаа ухаан цэлмэг, уужуу тайвныг дэлгэцнээ хурц тодоор харуулах чинхүү хүсэл эрмэлзлэлээр олон сайхан уран бүтээл туурвисан авъяас билэгт, их найруулагч Д. Жигжид 1970 онд С. Удвал, 
Д. Дожоодорж нарын зохиолоор бүтээжээ.
Мөн кинонд: охиноо баян айлын хүү Хайдавтай суулгах гэж зүтгэж буй ээж, түүнд нь Жамц баяны хариулж буй үг, үйлдэл, хөдөө нутгаа санан гэрийнхээ гадаа сууж буй өрөвдөлт ээж, 20-н шараа 2,3-хан хулганад идүүлээд халаглаж байгаа хэсэг гээд хөгжилтэй зураг авалт, торгон мөч, дүрүүдийг үзэгч олны сэтгэлд хоногштол бүтээсэн Монголын алтан үеийн нэрт жүжигчид Д. Найдан, Т. Цэвээнжав, Б. Дамчаа, Д. Довдон, Л. Цэндсүрэн С. Батсүрэн нар тоглосон. Энэхүү сайхан бүтээл болох “Хүргэн хүү” МУСК-гоо та TV8 телевизээр өнөө орой 23.05 цагаас үзээрэй.  

"Star" TV "Гайхамшигт уралдаан" нэвтрүүлэг

     2001 оноос эхлэн жил бүр Америкт зохиогдон хийгддэг, телевизийн сонирхолтой, хөгжилтэй  “Гайхамшигт уралдаан” буюу “The Amazing Race” реалити шоуны адал явдлыг үүсгэж буй ээлжит 11-н баг оролцсон нэвтрүүлэг “Star” телевизээр гарч эхэллээ.
Уг шоунд хоёр хүний бүрэлдхүүнтэй: 11-н баг оролцож дэлхийг тойрон аялахаас гадна шат, даваа бүртээ орон нутгийн огт танихгүй хүмүүстэй харилцах, бие бялдар, оюун санааны, хүнд хүнд сорилтуудыг (нисдэг тэрэг, усан онгоц, галт тэрэг, метро,  машин, автобус, түрээсийн тэрэг, завиар яван нэвтрүүлгийн даалгавар биелүүлэх) даван туулж, уралдааны төгсгөлд удаа дараа ялалт үзүүлж, түрүүлсэн нэг баг нь сая доллар хожих дүрэмтэй, уламжлалт бодит шоу билээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр урд урдын тэмцээнд оролцож байсан, Америкчууд болон дэлхийн хүмүүсийн зүрх сэтгэлд хамгийн их хоногшин үлдсэн 11-н баг (үеэлүүд, ээж-хүү, аав-хүү, ихрүүд, хайртай хосууд, найзуудаас бүрдэх) уралдаж, реалити шоу-ны бас нэгэн түүхийг бичиж байна. Та "Гайхамшигт уралдаан" нэвтрүүлгийг өнөөдөр "Star TV"-р 21.20 цагаас үзэж, тэдэнтэй хамт дэлхийг тойрон, түүх сонирхож, адал явдлаар аялна уу.

Wednesday, February 6, 2019

TV9 телевиз "Хүргэн, бэрийн уулзалт" зохиомж

        Монгол ард түмэн хотол олноороо өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэж, буян хураан, шинэлцгээж буй "Цагаан сар"-ын баярт мөчид "TV9" телевизийн хамт олон та бүхэнд "Хүргэн, бэрийн уулзалт" хөгжилтэй, адал явдалтай зохиомжийг өргөн барьж байна.
Жич - Ээж аав хоёр нь хүү, охиноо гэр бүлтэй болгох гэсэн хүсэлдээ хөтлөгдөж, тэднийгээ ятгаж дийлэлгүй худал хэлснээр охин, хүү хоёр нь өөрсдийнхөөрөө арга хэмжээ авна. Энэ нь будлиан тарьж, тэдний гэр бүлд баярын өдөр  хүндхэн зөрчил учравч, бүх үнэн тайлагдаж   жинхэнэ хүргэн бэрүүдтэйгээ учран баяраа сайхан тэмдэглэн, зохиомж өндөрлөх болно. Монгол түмэн та бүхэн баярынхаа өдөр,  шинийн 2-н буюу 2019 оны 02 сарын 06-нд 20.20 цагаас "Хүргэн, бэрийн уулзалт" зохиомжоо үзэж, сайхан шинэлээрэй. 

Saturday, February 2, 2019

"UBS" телевиз "Мөнх тэнгэрийн хүчин дор" МУСК

     Монголын тулгар төрийг үндэслэгч, их эзэн хааны Чингис хааны амьдралыг харуулсан түүхэн бүтээл болох "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино 1992 онд бүтээгджээ.
Киноны зохиолыг Д. Маам, С. Эрдэнэ, Д. Батбаяр, ерөнхий найруулагч төрийн соёрхолт Б. Балжинням, зураглаач Л. Шаравдорж, гол дүрд А. Энхтайван, Н. Сүххуяг, Н. Сувд, С. Сарантуяа, Ц. Төмөрбаатар нар болон олон уран бүтээлчид ажиллажээ. Тэмүүжин хүү 13 наснаасаа эхлэн эцгийн голомтыг залгамжилж өшт дайсан Татар иргэдээс өшөөгөө авна. Хамаг Монголын хаан болох замд нь багын анд Жамуха нь хүртэл саад болж эцгийн оронд эцэг болсон Хэрэйдийн Тоорил ванг хүртэл түүний эсрэг босгоно. Өнөөдөр та "UBS" телевизээр 23.20 цагаас гарах "Мөнх тэнгэрийн хүчин дор" МУСК-ны I ангийг үзээрэй.  

Friday, February 1, 2019

МҮОНТ "Хорьдол Сарьдагийн нүүдэл" баримтат кино

      Монголчууд эрт дээр үеэс нүүдэлчдийн соёл иргэншилтэй ард түмэн байсан гэдгийг нотлох нотолгоо эдүгээ Дархадын нутагт хадгалагдсаар үлджээ.
Хөвсгөл аймгийн нутагт орших Хорьдол Сарьдагийн нуруу нь уулын нуга, тайга, хээр хосолсон, байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт, дархан цаазат газруудын нэг юм. Энд л тэр өвөл, хаврын, тэнгэрийн нүүдэл 1000 хол жил өнөөг хүртэл үргэлжилсээр. Монгол орноо тойрон 21-р зууны эхэн үеийн Монголчуудын амьдрал ахуйг дүрс болон зургаар түүх болгон үлдээх зорилготой "Бидний цөөхөн Монголчууд" төслийн хэрэгжүүлэгчдийн бүтээсэн "Хорьдол Сарьдагийн нүүдэл” баримтат кино МҮОНТ-р өнөө орой буюу Баасан гаригийн 21.35-н цагаас үзэж, ард түмнийхээ ёс заншил, өв уламжлалын нэгээхэн өвөрмөц хэсгийг сонирхоорой.